Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Комплаенс болон Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэж юу вэ.

Комплаенс болон Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэж юу вэ.

КОМПЛАЕНС

Комплаенс гэдэг нь байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомж, дүрэм, журам, олон улсын стандартыг дагаж мөрдөн, ажил үйлчилгээг стандартын дагуу хэрэгжүүлэх тухай ойлголт юм.

КОМПЛАЕНСИЙН УДИРДЛАГА

Комплаенс нь хууль тогтоомж, дүрэм, журам хаана, хэрхэн зөрчигдөж байгааг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хууль, дүрэм журам зөрчсний улмаас байгууллагад учирч болзошгүй алдагдал, хохирлыг багасгаж бизнесийг саадгүй, амжилттай явуулахад дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй.

Монгол Улсын Хөгжлийн банк нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай Монгол улсын хууль, олон улсын болон дотоодын зохицуулагч байгууллагуудын дүрэм, журам болон тэдгээрт нийцүүлэн боловсруулсан дотоод бодлого, журам, зааврыг мөрдөж ажилладаг.

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ОЙЛГОЛТ

Мөнгө угаах гэж юу вэ?

Мөнгө угаах гэдэг нь гэмт хэргийн буюу илт хууль бус замаар олсон хөрөнгийг хууль ёсны болгож харагдуулахын тулд эх үүсвэрийг нь нуун далдалж, гүйлгээнд оруулахыг хэлнэ.

Мөнгө угаах гэмт хэргээс яагаад урьдчилан сэргийлэх шаардлагатай вэ?

Мөнгө угаах нь эдийн засаг нийгэмд ихээхэн сөрөг үр дагавартай. Тухайлбал санхүүгийн системийн тогтвортой байдлыг алдагдуулах, олон улсад дотоодын банк санхүүгийн байгууллагуудын нэр хүнд унах, авилга, хээл хахуулийг дэлгэрүүлэх, шударга өрсөлдөөнийг үгүй хийж, шударгаар бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахаж, монопол байдал бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартай тул бүх нийтээр анхаарлаа хандуулж энэ асуудалтэй тэмцэх нь чухал юм.

Терроризмыг санхүүжүүлэх гэж юу вэ?

Терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь террорист үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор аливаа хөрөнгийг цуглуулах, олж авах, дамжуулах ажиллагааг ойлгоно.

Мөнгө угаах гэмт хэрэг нь хууль бус орлогыг хууль ёсны мэт харагдуулахыг зорьдог бол терроризмыг хууль ёсны орлогоор ч санхүүжүүлэх боломжтой байдаг.

МУХБ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотойгоор дотооддоо дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг:

  • Харилцагчийг таньж мэдэх
  • Эцсийн өмчлөгчийг тогтоох
  • Олон улсын хориг, гадаад болон дотоодын улс төрд нөлөө бүхий этгээдийн жагсаалтыг шинэчлэх
  • Банкны дотоод баримт бичгүүдийг холбогдох хууль тогтоомж болон тэдгээр орсон өөрчлөлтүүдтэй нийцүүлэх
  • Ажилнуудад сургалт зохион байгуулах

ХАРИЛЦАГЧИЙГ ТАНЬЖ МЭДЭХ АЖИЛЛАГАА

Банк нь харилцагчтай аливаа харилцаа тогтоож, үйлчилгээ үзүүлэхийн өмнө харилцагчаас тодорхой мэдээллийг гаргуулан авах, цаашид мэдээллийг тогтмол шинэчлэх байдлаар харилцагчаа бүрэн таньж мэдэх ажиллагаа хийх шаардлагатай байдаг. Авсан мэдээлэлдээ үндэслэн харилцагчийн орлого, мөнгөн хөрөнгө нь хууль ёсны мөн эсэхийг баталгаажуулах зорилготой болно.

Харилцагчийг таньж мэдэх хүрээнд дараах арга хэмжээг авна:

  • Харилцагчийг хэн болохыг тогтоож, баримт бичгийг найдвартай, хараат бус мэдээллийн эх үүсвэр, өгөгдөл, мэдээллээр баталгаажуулах;
  •  Эцсийн өмчлөгчийг тогтоож, эцсийн өмчлөгчийн мэдээллийг баталгаажуулах боломжит буюу эцсийн өмчлөгч хэн болох талаар хангалттай мэдээлэл авсан гэж үзэх хүртэл боломжит арга хэмжээ авна.
  • Бизнесийн харилцааны зорилго, мөн чанарыг ойлгож шаардлагатай мэдээллийг гаргуулан авах;
  • Бизнесийн харилцааны хүрээнд хийгдэж байгаа гүйлгээнүүдэд нарийвчилсан дүн шинжилгээ хийх замаар гүйлгээ болон эх үүсвэр нь харилцагч, түүний бизнесийн үйл ажиллагааг тогтмол нягтлах.

 

“ХАРИЛЦАГЧИЙГ ТАНЬЖ МЭДЭХ” АЖИЛЛАГААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

  • Хуулийн этгээд болон түүний өмчлөгч /эцсийн өмчлөгч нь МУТС-тэй тэмцэх хяналтын тогтолцоо нь хангалтгүй улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа /амьдарч байгаа эсэхийг тодорхойлох http://www.fatf-gafi.org/countries/;
  • Хуулийн этгээд болон түүний өмчлөгч /эцсийн өмчлөгч нь санхүүгийн хориг арга хэмжээ, хязгаарлалт болон ижил төстэй арга хэмжээнд хамрагдсан улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа /амьдарч байгаа эсэхийг тодорхойлох https://www.knowyourcountry.com/copy-of-country-reports;
  • Хуулийн этгээд болон түүний өмчлөгч /эцсийн өмчлөгч нь Терроризмыг санхүүжүүлдэг, террорист үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг эсхүл террорист бүлэглэл тэнд үйл ажиллагаа явуулдаг улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа /амьдарч байгаа эсэхийг тодорхойлох (http://www.fatf-gafi.org/countries/https://www.state.gov/j/ct/list/c14151.htm;
  • Хуулийн этгээд болон түүний өмчлөгч /эцсийн өмчлөгч нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлөөс террорист хэмээн зарлагдсан хувь хүн, хуулийн этгээд /UN Consolidated List/ жагсаалтад орсон эсэхийг тодорхойлох https://www.un.org/securitycouncil/content/un-sc-consolidated-list;
  • Хуулийн этгээд болон түүний өмчлөгч /эцсийн өмчлөгч нь АНУ-ын Сангийн яамны Гадаад Хөрөнгийн Хяналт алба /OFAC/-с гаргадаг хэсэгчилсэн хориг арга хэмжээ авах улсуудын /Specially Designated Nationals list/ жагсаалтад орсон эсэхийг тодорхойлох https://www.treasury.gov/resource-center/sanctions/sdn-list/pages/default.aspx;
  • Хуулийн этгээд болон түүний өмчлөгч /эцсийн өмчлөгч нь Английн Хатан Хааны Сангийн яам /Her Majesty Treasury/-ны хөрөнгө царцаах алба /AFU/-с гаргадаг жагсаалтад орсон эсэхийг тодорхойлох https://www.gov.uk/government/publications/financial-sanctions-consolidated-list-of-targets/consolidated-list-of-targets;
  • Хуулийн этгээд болон түүний өмчлөгч /эцсийн өмчлөгч нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх засгийн газар хоорондын байгууллага “Financial Action Task Force”-с гаргадаг Хар, Саарал жагсаалтад орсон улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа /амьдарч байгаа эсэхийг тодорхойлох http://www.fatf-gafi.org/countries/.

 

ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ ГЭЖ ХЭН БЭ?

Харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

Харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

Хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг эцсийн өмчлөгч гэж хуульд тодорхойлсон байдаг.