Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
COVID-19

COVID-19

COVID-19 халдвар Монгол Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгааг Үндэсний статистикийн хорооны нэгтгэсэн судалгаанаас тодорхой харж болохоор байна. 

 

Уг халдварт өвчинтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 31-нээс Монгол Улс тодорхой арга хэмжээ авч, хязгаарлалтуудыг хийж эхэлсэн. 

 

Тэгвэл хоёрдугаар сард нь улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс

 

  • Нийт хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 11.2 хувиар,
  • Улсын төсвийн орлого 11.7 хувиар,
  • Экспорт 29.5 хувиар, импорт 10.4 хувиар,
  • Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 14.2 хувь, тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 23.8 хувь,
  • Агаарын тээврийн орлого 21.7 хувиар тус тус БУУРЧ, харин
  • Улсын төсвийн зарлага 42.7 хувиар ӨСЖЭЭ.

 

Монгол Улсын төсвийн орлого 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, татварын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 76.2%-аар буурсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Тэгвэл халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлж, хөл хорио тогтоогоод буй энэ үед дотоодын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалт эхний хоёр сард өмнөх оноо бодвол 25.8% буурчээ. Тэр дундаа мод, модон эдлэл, нэхмэлийн үйлдвэрлэл, химийн бүтээгдэхүүн, тамхи, хувцас зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн борлуулалт 11.9 хувиас 57.9 хувь хүртэл буурсан бол хүнсний бүтээгдэхүүн, ундааны үйлдвэрлэлийн борлуулалт 33.8 хувь өсжээ.

 

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл энэ оны эхний хоёр сард 257.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.8 тэрбум буюу 10 орчим хувиар өссөн байна. 

 

Тодруулбал, үхэр, ямааны мах, савласан ногоон цай, жигнэмэг, нэг, хоёрдугаар гурил, гоймон, цэвэр ус, амтат ус, ундаа, жүүс, талх, нарийн боов, бялуу, тараг, аарц, бяслаг, шингэн сүү, спиртийн үйлдвэрлэл 2020 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 11.9 хувиас 6 дахин өсжээ.

 

Харин архи, дээд гурил, хиаман бүтээгдэхүүн, шар айраг, бууз, банш, хонь, адууны махны үйлдвэрлэл 1.6-84.5 хувиар буурсан байна. 

 

Хорио цээрийн дэглэмтэйгээр холбоотойгоор иргэдийн дунд зохиомол эрэлт үүсэж, үр дүнд нь хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлт хоёрдугаар сард 6.4 хувьд хүрч нэмэгдээд байгаа билээ. Энэ өсөлтөд мах болон хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт жин дарсан. 

 

Дэлхий нийтээр аялал жуулчлал, тээврийн салбар хумигдаж байгаагийн адил манай улсын зөвхөн агаарын тээврийн салбар л гэхэд эхний хоёр сард өмнөх оноосоо 13.3 тэрбум буюу 21.7% бага орлого олов. Хоёрдугаар сард 16.9 тэрбум төгрөг ийн орлого олсон нь өмнөх сараас 14.2 тэрбум төгрөгөөр буюу 45.7% буурчээ. 

 

Монгол Улсын аялал жуулчлалын оргил үе нь хоёр, гуравдугаар улирал байдаг тул аялал жуулчлалын салбарт үзүүлэх нөлөө харьцангуй бага байна гэж ҮСХ-ны судалгаанд үзжээ. Гэвч нөхцөл байдал энэ хэвээр цааш үргэлжилбэл Монголыг зорих гаднынхан өнгөрсөн оны 600 орчим мянган жуулчны хэмжээнд хүрэхгүй байх эрсдэлтэй. Ялангуяа, COVID-19 халдвартай холбоотойгоор Азийн улс орнуудыг зорих жуулчдын тоо буурна хэмээн шинжээчид үзэж буй. 

 

Гадаад худалдааны бараа эргэлт эхний хоёр сард өмнөх оныхоос 21.3% буурсан. Улсын нэгдсэн төсвийн гуравны нэгийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурсан нь төсвийн орлого тооцоолсон хэмжээнд хүрэхгүй байх эрсдлийг хэдийн бий болгосон.

 

Гэтэл нөгөө талд, улсын нэгдсэн төсвийн 2020 оны зарлагад хөрөнгийн зардлыг 2019 оноос 17.3 хувь өсгөн тооцсон ч эхний хоёр сарын бодит байдлаар хөрөнгийн зардал 3 дахин өссөн үзүүлэлттэй байна. 

 

Иймд төсвийн орлогын бүрдэл сааралттай энэ үед зардлыг эрэмбэлж, төсвийн сахилга батыг улам чангатгах шаардлагатай бөгөөд бодит байдалд үндэслэн аж үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагаанд учрах эрсдлийг багасгахад нэн тэргүүнд ахнаарах шаардлагатай байна хэмээн дүгнэжээ..