Бусад мэдээлэл
Микрокредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл
Өнөөдөр бидний хийж буй үйлдэл, хэрэглэж буй нөөцүүд маргаашийн дэлхийг тодорхойлдог. Энэ ойлголтыг тогтвортой хөгжил гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хэрэгцээгээ хангахдаа ирээдүйн хэрэгцээг хангах боломжийг алдагдуулахгүй байх нь тогтвортой хөгжлийн гол зарчим юм.
Өдөр тутмын сонголт ба экологийн ул мөр
Хүн бүр өлсөхгүйн тулд хооллох, даарахгүйн тулд дулаацах, холыг дөтлөх гэж унаж буй унаа, цэвэрхэн бас гоёмсог байх гэж хэрэглэж буй бүхэн гээд амьдралын энгийн үйлдлээрээ байгальд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг. Үүнийг экологийн ул мөр гэнэ. Хэрэв бид хяналтгүй хэрэглээгээрээ ул мөрөө нэмсээр байвал, ирээдүйд бидний үр хүүхдүүдэд үлдэх дэлхий илүү бохир, бас нөөцгүй болох аюултай.
Экологийн ул мөрөө багасгах арга – 3R зарчим
1. Reduce – Бууруулах
Цахилгааны хэрэглээгээ тохируулах, ашиглаагүй үед гэрэл ба цахилгаан хэрэгслээ салгах
Усаа зөв зохистой ашиглах (шүдээ угаахдаа усаа хаах, дахин ашиглах гэх мэт)
Алхах, дугуй унах, нийтийн тээврээр зорчих
Нэг удаагийн хуванцрын хэрэглээг багасгах
2. Reuse – Дахин ашиглах
Байгальд ээлтэй материал (мод, шил, даавуу, төмөр, силикон гэх мэт) сонгох
Халуун баригч аяга, төмөр соруул, даавуун тор ашиглах
Хуванцар сав, шил, цаасаа дахин дахин хэрэглэх
DIY бүтээл хийх, хуучин хувцсаа хандивлах,
Fast fashion-аас татгалзах
3. Recycle – Дахин боловсруулах
Хог хаягдлаа ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрт тушаах ойлголт юм.
Дахин боловсруулах боломжтой материалууд:
Цаас: дэвтрийн болон бичгийн цаас, хайрцаг (хоол хүнсний бохирдолгүй байх шаардлагатай)
Шил/лааз: архи, шар айраг, ундааны шил, лаазалсан бүтээгдэхүүний сав, тугалган сав, төмөр таг (савыг бүрэн сулласан байх ёстой)
Хуванцар: ундаа, ус, хоолны сав, гялгар уут, гоо сайхан ба ахуйн хэрэглээний сав
Дахин боловсруулагдахгүй зүйлс: Эмнэлгийн хэрэгсэл, хүнсний хаягдал, даавуу, хөөсөнцөр, диск зэрэг
Тогтвортой хөгжил гэдэг нь зөвхөн улс орон, байгууллагын түвшний бодлого, томоохон төслүүдээр хязгаарлагдахгүй. Харин хүн бүрийн өдөр тутмын хамгийн энгийн сонголт, дадал зуршилд суурилдаг. Бид цахилгаанаа хэмнэх, усаа зөв ашиглах, нэг удаагийн хуванцар хэрэглэхээс татгалзах, хог хаягдлаа ангилан ялгах гэх мэт жижигхэн үйлдэл бүрээрээ экологийн ул мөрөө багасгах боломжтой. Хүн бүр өдөр тутамдаа 3R зарчмыг хэрэгжүүлэн өнөөдрөөс сайхан маргаашийг хамтдаа бүтээцгээе.