Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Банк бус санхүүгийн байгууллагуудын 2014 оны III улирлын санхүүгийн тайлангийн нэгтгэл

Банк бус санхүүгийн байгууллагуудын 2014 оны III улирлын санхүүгийн тайлангийн нэгтгэл

Тайлант улиралд Санхүүгийн зохицуулах хорооноос 91 компанид банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, 3 ББСБ-ын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг бүхэлд нь хүчингүй болгосноор тайлант хугацааны эцэст нийт 351 ББСБ тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа эрхэлж байна.
ББСБ-уудын голлох үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт актив 145.9 тэрбум төгрөг буюу 42.4 хувь, нийт зээлийн өрийн үлдэгдэл 84.3 тэрбум төгрөг буюу 40.2 хувь, эзэмшигчдийн өмч 84.9 тэрбум төгрөг буюу 39.2 хувь, нийт дүрмийн сан 62.3 тэрбум төгрөг буюу 36.2 хувиар тус тус өссөн.

ББСБ-уудын нийт актив 2014 оны III улирлын байдлаар 489.9 тэрбум төгрөг байгаа нь банкны салбарын нийт активтай харьцуулахад 2.7 хувь, нийт зээлийн өрийн үлдэгдэл 293.9 тэрбум төгрөг байгаа нь банкны салбарын нийт зээлтэй харьцуулахад 2.0 хувь, нийт дүрмийн сан 234.4 тэрбум төгрөг байгаа нь банкны салбарын нийт дүрмийн сантай харьцуулахад 58.7 хувьтай тус тус тэнцэж байна.

ББСБ-уудын нийт орлого өмнөх оны мөн үеэс 38.0 хувиар өссөн ба орлогын 65.9 хувийг хүүгийн орлого33.1 хувийг хүүгийн бус орлого эзэлж байна. Нийт зардал өмнөх оны мөн үеэс 42.0 хувиар өссөнөөс хүүгийн зардал 54.9 хувиар, хүүгийн бус зардал 33.4 хувиар, болзошгүй эрсдэлийн зардал 1.6 дахин, орлогын татварын зардал 29.9 хувиар тус тус өсч харин үндсэн бус үйл ажиллагааны зардал 17.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд нийт 26.7 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.9 хувиар өссөн байна.

Зээлийн мэдээллийн тухай хууль 2011 оны 10 дугаар 20-ны өдөр батлагдан гарснаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн байгууллага зээлийн мэдээллийн сантай байхаар хуульчилсны дагуу тайлант улиралд нийт 169 ББСБ Монголбанкны зээлийн мэдээллийн сантай хамтран ажиллах гэрээ байгуулан, зээлдэгчийн талаарх мэдээлэл, лавлагааг зээлийн үйл ажиллагаандаа авч ашиглаж байгаа нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх 296 ББСБ-ын 48.1 хувийг эзэлж байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Хорооны 2009 оны 253 дугаар тогтоолоор баталсан “Харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг мэдээлэх журам”-д заасны дагуу нийт ББСБ-ын 85.5 хувь буюу 300 ББСБ нь “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод журам”-ыг батлан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж, 96.0 хувь буюу 337 ББСБ дээрх хуулийн хэрэгжилтийг хариуцах, байнгын хяналт тавих үүрэг бүхий ажилтныг томилон ажиллуулж байна.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо (www.frc.mn)